понедельник, 8 января 2018 г.

Статистикийн хялбаршуулсан хичээл 1. Статистик гэж юу вэ?


Статистик нь тоо, мэдээллийг бүртгэх,  цуглуулах, эрэмбэлж цэгцлэх, товчоолж танилцуулах, шинжилж дүгнэх ухаан юм. Тоо мэдээ ашигладаггүй аль нэг салбарыг нэрлэ гэвэл бид олохгүй  л болов уу. Хүүхдийн өсөлт, хөгжил, сурлагын үзүүлэлтээс эхлээд аливаа газар орны цаг агаар, эдийн засаг, нийгмийн амьдрал зэргийг хэрхэн өөрчлөгдсөнийг тоогоор илэрхийлдэг. Хэн нэгэнд итгэл  үнэмшил төрүүлэхийн тулд бид бас тоо баримт дурддаг.

Гэхдээ тоо мэдээ бүр ойлгомжтой байдаггүй. Хэзээ, юуг, ямар нэгжээр илэрхийлсэн нь тодорхойгүй бол тоо мэдээ ойлгогдохгүй. Эдгээр нь тодорхой ч заримдаа шууд "уншигдахгүй" үе бий. Жишээ нь, Польшийн дунд сургуулийн багш нарын цалингийн жагсаалтыг хараад манай багш нарынхтай шууд харьцуулахад хэцүү. Эхлээд цалинг эрэмбэлээд, хамгийн их багын зөрүү нь хэд, хэр их хэлбэлзэлдэг; дундаж нь ямар; тэр нь төгрөгөөр хэд болохыг тооцож харьцуулсны дараа дүгнэлтээ хийж болно. Ийнхүү аливаа тоо мэдээг цэгцэлж, хөрвүүлж, харьцуулан “уншдаг” ухааныг статистик гэнэ.  
                      
Статистик нь тоо мэдээг цэгцэлж, харьцуулж ойлгох ухаан юм.